УТАСНЫ ДУГААР: 70567012
Шүүхийн нэр: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх,
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 157/ШШ2022/00075 дугаар шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар-6, огноо: 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нэхэмжлэгч “Д” нь хариуцагч “Б”-д холбогдуулж зээлийн гэрээний төлбөр 20,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…”Д” нь 20,000,000 төгрөгийг “Б”-д зээлсэн. Түүний нэр дээрх данс руу 4 удаагийн гүйлгээгээр 20 сая төгрөг шилжүүлсэн. “Б” нь жоншны уурхайтай, маш сайн жонштой, чи ажиллаж болно гэсэн. Түүний зааж өгсөн газар руу нь 15-20 хүнийг хөлслөөд 3 сар цалинжуулж ажиллаад их хэмжээний хохирол учирсан. Энэ ажил төрлийн хувьд хохирсон асуудал тусдаа, зээлийн гэрээтэй хамааралгүй. Би өөрөө зардлаа гаргаад ажилласан болно. Иймд 20 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
“Б” нь “…Д-ээс 20 сая төгрөг авсан нь үнэн. Харин зээлж аваагүй. Уурхайд хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан. Уурхай дээр очиж ажилласан. Тэсэлгээний материал авах 20 сая төгрөгний хэрэг байна. Урьдчилгаа болгоод өгвөл манай уурхай дээр ажиллаж болно гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулаад манай уурхай дээр ажилласан. Уурхай ажиллуулахад гарах зардлыг 100 хувь хариуцна. Гарах зардал, түлш бүх зардлыг 100 хариуцна гэж тохиролцсон. 20 сая төгрөгийг суутгасан. Зээлийн гэрээг байгуулаагүй. Би 20 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж татгалзлаа тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан баримтуудаар “Д” нь “Б”-тэй бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч 20 сая төгрөгийг шилжүүлсэн банкны баримтаар тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Харин “Б” нь “Д”-тэй Бүтээгдэхүүн хуваах нөхцлөөр хамтран ажиллах гэрээ байгуулаагүй уг 20 сая төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд тооцож, 20 сая төгрөгийг төлөхгүй гэх “Б”-ын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд “Б”-с 20,000,000 төгрөг гаргуулж “Д”-д олгож шийдвэрлэлээ.
Тоймыг бэлтгэсэн: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах